Шинэ Монголын Ууган Дунд Сургууль 976+11+323721
 

Сургуулийн дотоод дүрэм, журам

2011 оны  9-р сарын 13-ны өдрийн

Багш нарын зөвлөлийн хурлаар

шинэчлэн батлав.

 

НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1-ДҮГЭЭР ДУНД СУРГУУЛИЙН ДҮРЭМ

      НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1.         Нийслэлийн СБД-ийн ерөнхий боловсролын 1-дүгээр дунд сургуулийн дүрэм нь тус сургуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн үндсэн баримт бичиг мөн.

1.2.         Энэхүү дүрэм нь тус сургуулийн бүхий л үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын үндсэн хууль, хөдөлмөрийн ба боловсролын тухай багц хууль, бусад хуулийн холбогдох заалтууд, төрийн захиргааны удирдах дээд байгуулагуудаас гаргасан тогтоол, тушаал, хууль эрх зүйн актуудыг баримтлах  хэм хэмжээг тусгасан байна.

1.3.         Энэхүү дүрэм нь Монгол улсын ба олон улсын холбогдох хууль тогтоомж, удирдах дээд байгуулагуудаас гаргасан эрх зүйн актууд болон сургуулийн үйл ажиллагаа, хэтийн зорилттой уялдан гарсан зайлшгүй өөрчлөлт, хурал, зөвлөгөөний шийдвэрийг тусган өөрчлөгдөж байна.

1.4.         Энэхүү дүрэм нь тус сургуулийн түүхэн хөгжлийн үнэт зүйлсийг тусган хадгалж, шинэ цаг үеийн үзэл баримтлалаар баяжигдан, ардчилал, шударга ёс, шинжлэх ухааны хөгжлийн дагуу боловсронгуй болж, сургуулийн эрхэм зорилго, хөгжлийг тодорхойлох эрх зүйн баримт бичиг болно.

 

ХОЁР: ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

            

2.1.         Сургуулийн удирдлага:

 

2.1.1.     Тус сургууль нь бие даасан хуулийн этгээд бөгөөд зохих журмын дагуу баталгаажсан албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг хэрэглэж, сургуулийнхаа бэлгэдэл болох туг, бэлгэ тэмдэгтэй байна.

2.1.2.     Сургуулийн удирдлага нь дараах шатлалтай байна. Үүнд:

  • Сургуулийн зөвлөл
  • Багш нарын зөвлөл  /сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурал/
  • Захирлын зөвлөл
  • Захирал

2.1.3.         Сургуульд бага, дунд боловсролын тухай хуулийн 12 – 6-д заасны дагуу захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, нийгмийн ажилтан, багш, эмч болон шаардлагатай бусад ажилтан ажиллана. Ажлын байрны орон тоо, ажилтны ажил үүргийн хуваарь тогтоохдоо төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ЕБС-иудын ажлын үлгэрчилсэн ерөнхий норматив хэмжээ, өөрийн сургуулийн онцлогийг харгалзан, удирдлага санхүүжилтийн хуулийн заалтыг баримтлан захирлын зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.

2.1.4.         Сургуулийн захиргааны удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.

2.1.5.         Сургууль нь үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд цахим удирдлагын системийг нэвтрүүлнэ.

 

2.2. Сургуулийн зөвлөл, түүний эрх үүрэг

 

2.2.1.         Сургуулийн зөвлөлийг  боловсролын тухай хуулийн 35-ийн 1, 2, 3-ын дагуу байгуулна..

2.2.2.         Сургуулийн өөрийн удирдлагыг “МУ-ын боловсролын тухай хууль”-ийн 34-1-д заасны дагуу сургуулийн зөвлөл хэрэгжүүлж, боловсролын тухай хуулийн 35-ийн 4-д заасан чиг үүргийг гүйцэтгэж, эрх эдэлнэ.

2.2.3.         Сургуулийн зөвлөл нь сургуулийн захиргаанаас оруулсан аливаа саналыг хэлэлцэн эрх зүйд нийцсэн зөвшөөрөл олгоно.

2.3. Багш нарын зөвлөлийн эрх үүрэг

 

2.3.1.     Сургалтын ажлын онол, арга зүйн ерөнхий чиг үүрэг, зорилгыг  багш нарын зөвлөл хэлэлцэн тогтооно.

2.3.2.     Багш нарын зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрмийг баримтална.

2.3.3.     Тус сургуульд байгалийн ухааны, нийгмийн ухааны, бага болоьсролын гэсэн ЗАН байна. Нэгдлүүд нь хичээлийн нэгж хэсгээр секцүүдэд хуваагдана. Секцийн ахлагчийг хичээлийн жилийн эхэнд захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, захирлын тушаалаар томилно.

 

2.3.4.     ЗАН, ЗАСекцийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн тухайн сургуулийн захирал баталж мөрдүүлнө.

2.3.5.     Багш нарын зөвлөл нь сургуулийн захиргааны ажлын тайланг хэлэлцэнэ. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлууд дээр сургуулийн зөвлөл болон захиралд санал оруулна.

2.3.6.     Багш нарын зөвлөл нь сурагчдыг  анги дэвшүүлэх, анги алгасуулан сургах, эсвэл улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.

 

 

2.4. Захирлын зөвлөл, түүний эрх үүрэг

 

2.4.1.     Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнд сургуулийн захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, бусад мэргэжилтэн, нягтлан бодогч, эмч  зэрэг ажилтнууд орно.

2.4.2.     Захирлын зөвлөл нь сургуулийн зөвлөл болон багш нарын зөвлөл, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрмийг мөрдөнө.

2.4.3.     Захирлын зөвлөл нь сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтан, мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав, номын санч, эмч, үйлчилгээний ажилчидын /цаашид “ажилтан” гэх/ албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс, урамшууллын асуудлыг жил бүрийн 6, 12-р саруудад хэлэлцэн тогтооно. Цалин тогтоолтод ҮЭХ-ны төлөөлөл оролцоно.

2.4.4.     Захирлын зөвлөл нь нийт ажилтан, суралцагсдын сурлага, ажил хөдөлмөрийн үр дүн эрүүл мэндийн байдал, ахуй амьдралд гарсан онцгой тохиолдолд шагнах, урамшуулах, дэмжих, туслах, тэтгэх, мөн гаргасан зөрчил дутагдлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.4.5.     Хүндэтгэлийн танхим, булан, түүхийн музейд тавих, байрлуулах, баримт, эд материал, дурсгал, соёлын зүйл, “Хүндэт дэвтэр”-т бичих зэргийг захирлын зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.

2.4.6.     Нийт ажилтан, суралцагсдыг ээлжийн болон сурагчдын амралтын үед зохион байгуулалттайгаар амруулах, аялал зугаалга, сургалт семинарт явуулах, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох, оролцуулах асуудлыг хэлэлцэж дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.4.7.     Сургуулийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн ажлын комисс, хэсгийг захиргааны саналаар байгуулах, дороос гарсан үүсгэл санаачилгыг дэмжих зэрэг асуудлыг шийднэ.

2.4.8.     Захирлын зөвлөлд хамаарах хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, нийгмийн ажилтан, бусад удирдах ажилтан /ССШТ эрхлэгч, математикийн сургалт хариуцсан мэргэжилтэн/ нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, багш нарын ажлыг, үнэлэх, дүгнэх, тэдэнд зөвлөх, туслах болон ажлын байрны бусад үндсэн чиг үүргийн дагуу сургалт, хүмүүжил, соёлын ажлыг удирдан зохион байгуулна.

2.4.9.     Хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/ нь багш бүрийн заах хичээл, анги, цагийн тоог ЗАН, ЗАСекцийн  саналыг харгалзан сургуулийн нийтлэг эрх ашигт нийцүүлэн хичээлийн хуваарийг боловсруулж, сургуулийн захиралаар батлуулан мөрдүүлнэ.

 

2.5. Сургуулийн захирал, түүний  эрх үүрэг

 

2.5.1.     Сургуулийг дүүргийн засаг даргын томилсон захирал удирдана. Засаг дарга нь лаборатори сургуулийн статусыг хүндэтгэн боловсролын хүрээлэн, нийслэлийн боловсролын газрын саналыг харгалзсан байна.

2.5.2.     Захирал нь  бага дунд боловсролын тухай хуулийн 20-р  зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ.

2.5.3.     Захирал нь холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, заавар, журамд нийцүүлэн холбогдох дүрэм, журам, заавар боловсруулан мөрдлөг болгон ажиллана.

2.5.4.     Захирал нь үйл ажиллагаандаа Монгол улсын болоод олон улсын холбогдох хууль, тогтоомжийн заалтыг мөрдөнө.

2.5.5.     Захирал нь ашиг сонирхлын зөрчилгүй байж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.

 

2.5.6.     Тус сургуулийн захирал нь сургуулийн түүхэн уламжлал, нийгмийн эрэлт хэрэгцээг харгалзан аливаа зүй ёсны дэвшилтэд үйл ажиллагааг санаачлан удирдана.

2.5.7.     Сургуулийн захирал нь сургалтын менежер, нийгмийн ажилтан, бусад ажилтан, мэргэжилтэн, анги удирдсан багшийн ажил, үүргийн уялдаа холбоог хангаж, холбогдох журмаар батлан зохицуулна.

2.5.8.     Сургуулийн цаг үеийн ажил болон гадаад дотоод харилцаа, аж ахуй, материаллаг нөхцөл сайжруулах зэрэгтэй холбогдон гарах санхүүгийн асуудлыг захирал эрх үүргийн дагуу шийднэ.

2.5.9.     Багш, ажилтанг ажилд авах, тэдэнд ажлын чөлөө олгох, ажлаас чөлөөлөх, гэрээ цуцлах, сурагч элсүүлэх зэрэг асуудлуудыг зохих хууль, тогтоомж, журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн  шийдвэрлэнэ.

2.5.10.   АУБ, кабинет хариуцах багш нарыг захирлын зөвлөлийн саналыг үндэслэн захирал томилно.

2.5.11.   Тухайн хичээлийн жилийн ажлаа сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурал болон сургуулийн зөвлөлийн хурал, сурагчид, эцэг эхийн өмнө  тайлагнаж байна.

2.5.12.   Сургуулийн захирал ажлын 3 хоногоос илүү хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд сургалтын менежерийн аль нэг нь  орлон түр үүрэг гүйцэтгэнэ.

 

 

ГУРАВ: БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

3.1.         Бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт, үйл ажиллагаа

 

3.1.1.     Сургууль нь захиргаа, аж ахуй, үйлчилгээ, сургалтын алба гэсэн нэгжүүдтэй байна.

3.1.2.     Бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох 1-12-р анги, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 6-12-р анги, төрөлжсөн сургалттай ахлах ангиудтай байна.

3.1.3.     Сургууль нь суралцагсдынхаа эрх ашиг, эрэлт хэрэгцээг харгалзан онлайн, зайны, гэр бүлийн сургалт зэрэг сургалтын шинэ арга замыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

3.1.4.     Сургууль нь эрхэм зорилго, сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна.

3.1.5.     Сургуулийн ойрын ба хэтийн төлөвлөлттэй уялдуулан сургалт, хүмүүжил, нийгэм соёлын бүх үйл ажиллагааг 7 хоног, улирал, хичээлийн жилээр төлөвлөж, биелэлтийг тухай бүр дүгнэж ажиллана.

3.1.6.     Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, чанар үр дүнд өөрийн үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий хяналт-шинжилгээний баг ажиллуулна.

3.1.7.     Багш нарын зөвлөлийн хуралд тухайн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулан, хэлэлцүүлж байна.

3.1.8.     Сургуулийн бүхий л үйл ажиллагаа ил тод, суралцагч, эцэг-эх, хамт олонд аливаа нэгэн дарамт шахалтгүй байна.

3.1.9.     Сургуулийн гадаад, дотоод аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн, онцгой байдал, нөхцөлд ажиллах дэг, журам боловсруулан мөрдөнө.

3.1.10.   Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.7-д заасны дагуу суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөөлөлийн байгууллага ажиллуулж болно.

3.1.11.   Сургууль нь төрийн ба төрийн бус байгууллага, гадаад улс орон, олон улсын байгууллага, сургууль, иргэнттэй хууль ёсны хамтын ажиллагаатай байна.

3.1.12.   Сургуулийн үндсэн үйл ажиллагааны тайлан, албан баримт бичгийг  архивын хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хадгална.

 

3.2.         Хичээл - сургалтын үйл ажиллагаа

 

3.2.1.         Сургууль нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргаанаас тушаал, заавар, журмыг баримтална.

3.2.2.         Сургууль нь нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, онцлогийг тусгасан, улсын стандартад нийцсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын киррикюлимыг боловсруулан мөрдөж,  хэрэгжүүлнэ.

3.2.3.         Сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна. Гадаад хэл, техник технологийн  хичээлийг байнга, гүнзгийрүүлсэн сургалт, мэдээлэл зүйн хичээлийг нөхцөл бололцоог харгалзан дэд бүлэг, хэсгээр зохион байгуулна.

3.2.4.         Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дадлага, лабораторийн ажил, семинар, төсөлт ажил, аялалыг журам, зааврын дагуу зохион байгуулж, аюулгүй байдлыг хангана.

3.2.5.         Хичээл-сургалтын ажлыг хоёр ээлжээр зохион байгуулах ба ээлжүүдийн эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа болон хичээллэх ангиудын  хуваарийг захирлын зөвлөлийн шийдвэрийн дагуу явуулна.

3.2.6.         Хичээлийн хуваарь нь сургуулийн өдөр тутмын сургалтын үйл ажиллагааг  явуулах үндсэн эрх зүйн баримт бичиг мөн.

3.2.7.         Сургууль дээр болон сургуулиас гадуур зохиогдох сургалт-хүмүүжлийн ажлыг сургуулийн захиргаанаас баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

3.2.8.         Тус сургууль нь математикийн чиглэлээр сургалтын стандартаас давсан агуулгаар гүнзгийрүүлсэн  сургалт явуулах ангитай байх ба уг сургалтыг дунд сургуулийн 6 /7/-р  ангиас эхлэнэ.  Гүнзгийрүүлсэн  сургалтыг зохион байгуулахдаа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр журмыг мөрдөнө.

3.2.9.         Математикийн гүнзгийрүүлсэн сургалт хариуцсан мэргэжилтэн ажиллуулна.

3.2.10.       Бусад хичээл ба  мэргэжлийн чиглэлүүдээр  төрөлжсөн,  гүнзгийрүүлсэн  сургалттай анги хичээллүүлэх асуудлыг  тухайн хичээлийн жил эхлэхээс  6-аас доошгүй сарын өмнө захирлын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

3.2.11.       Гүнзгийрүүлсэн сургалттай ангид шинээр элсэн суралцах сурагчдыг  оршин суугаа газрын харьяалал  харгалзахгүйгээр сонгон шалгаруулалтаар элсүүлэх бөгөөд сурагчдын тоог захирлын зөвлөлөөр хэлэлцэн жил бүр тогтоож байна.

3.2.12.       Сургууль нь өөрийн харьяанд хэвлэл мэдээлэл, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг засварлах, үйлдвэрлэх, хангах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэгж болон сургалт-хүмүүжлийн төвтэй байж  болно.

3.2.13.       Сургууль багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөгжил, мэргэжлийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий Сургалт Судалгаа Шинжилгээний Төв /ССШТ/-ийг ажиллуулна.

3.2.14.       ССШТ-ийн ажиллах журмыг тусгайлан боловсруулж, орон тооны эрхлэгч хариуцан ажиллана.

3.2.15.       Анги дэвших, сургууль төгсөх шалгалтуудыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмыг үндэслэн зохион байгуулна

3.2.16.       Сурагчдын, стандарт агуулгын эзэмшилтийн үнэлгээг хичээлийн жилийн 1 ба 2-р хагас жилээр албан ёсоор гаргаж дүгнэнэ.

3.2.17.       1 ба 2-р хагас жилийн эцсийн үнэлгээ нь мэргэжлийн багшийн үнэлгээ болон  хөндлөнгийн үнэлгээ /өвлийн ба хаврын ТТШ/-ний харьцуулсан дунджаар нэгтгэгдэн гарна.

3.2.18.       Жилийн эцсийн үнэлгээг 1 ба 2-р хагас жилийн үнэлгээний дунджаар тооцон гаргана.

3.2.19.       Сургууль нь өөрийн хамран сургах хороо / нутаг дэвсгэр/-ны суурь боловсрол эзэмших насны хүүхдийг сургууль завсардуулахгүй сургана.

 

3.3.     Хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа

 

3.3.1.     Хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажлыг “МУ-ын бага дунд боловсролын тухай хууль”-ийн 18-р зүйлийн заалт болон бусад холбогдох хууль эрх зүйн актуудыг баримтлан явуулна.

3.3.2.     Сургууль нь өөрийн онцлогт тохирсон хичээлээс гадуурх сургалт, нийгэм соёл, хүмүүжлийн ажлын нэгдсэн графиктай байх бөгөөд холбогдох журмын дагуу АУБ, мэргэжлийн багш, ЗАН, секц, анги хамт олон, эцэг эх, байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр зохион байгуулна.

3.3.3.     Суралцагчын авьяас, чадварыг хөгжүүлэх сонгон суралцах хичээл, төрөл бүрийн дугуйлан, секц хичээллүүлж удирдсан багшийн цагийн хөлсийг цалингийн сан, төсвийн бус орлогын эх үүсвэрээс олгоно.

 

3.4.     Ажлын цаг

 

3.4.1.         Багш, ажилтан нь 7 хоногийн ажлын 40 цагтай  байх ба хичээл сургалтын цаг нь 19 цагаас доошгүй байна.

3.4.2.         Багш, суралцагч, ажилтнуудын ажлын цагийн гүйцэтгэлийг сургалтын менежер, нийгмийн ажилтан, жижүүр багш, жижүүр бүртгэнэ.

 

ДӨРӨВ: БАГШ, СУРАЛЦАГЧ,   АЖИЛТНЫ ХҮЛЭЭХ ЭРХ ҮҮРЭГ

 

4.1.     Багшийн эрх үүрэг

 

4.1.1.         Багш нь “МУ-ын Боловсролын тухай хууль”-ийн 44 – 1, 44-2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1, 22.2-т  заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.1.2.         Багш ба сургуулийн захиргааны хоорондын хөдөлмөрийн харилцааг “МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль”, “Сургуулийн дотоод журам”, “Багш сурган хүмүүжүүлэгчдийн дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам” болон бусад эрх зүйн актуудын холбогдох заалтууд,  хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

4.1.3.         Багш, ажилтан нь сургалт-хүмүүжлийн албан ёсны ажлын явцад эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахиулан, хамгаална.

4.1.4.         Гүнзгийрүүлсэн ба төрөлжсөн сургалтыг мэргэжлийн өндөр бэлтгэл, ур чадвартай, туршлагатай багш удирдана.

4.1.5.         Суралцагчдыг  аяллаар явуулах, олныг хамарсан сургалт, хүмүүжил, соёлын ажлыг зохион байгуулахдаа сургуулийн захиргаанд мэдэгдэж, ажлын зорилго, чиглэл, хугацаа, аюул осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар танилцуулан  зөвшөөрөл авсан байна.

 

4.2.     Ажилтны эрх үүрэг

 

4.2.1.         Сургуулийн эмч, санхүү, аж ахуй, үйлчилгээний ажилтан нь холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод  заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.2.2.         Сургуулийн захиргаа нь ажилтнуудтай хөдөлмөрийн болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.

 

4.3.     Суралцагчийн эрх, үүрэг

 

4.3.1.         Суралцагч нь “Боловсролын тухай хууль”-ийн 45-1, 45-2-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.3.2.          Суралцагч нь “Бага, дунд боловсролын тухай хууль”-ийн 7.2-т заасан хугацаанд тухайн түвшний боловсрол эзэмшинэ.

4.3.3.         Суралцагч нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Суралцагчийн үлгэрчилсэн дүрэм”, *суралцагчийн эрмэлзэл*  болон тус сургуулийн суралцагчдын даган мөрдөх дүрэмд заасан эрх эдэлж, журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.

4.3.4.         Тус сургуулийн сурагчид нь сургуулийн зөвлөлөөр баталгаажсан дүрэмт хувцас өмсөн, энгэрийн тэмдэг, сурагчийн үнэмлэхийг хэрэглэнэ.

 

ТАВ: ЦАЛИН, НЭМЭГДЭЛ, НЭМЭГДЭЛ ХӨЛС, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ

 

5.1.     Сургуулийн ажилтны албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын асуудлыг Засгийн газрын тогтоол болон холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн захирлын зөвлөл, ҮЭХ-той хамтран жил бүрийн 6, 12-р саруудад шийдвэрлэж  байна.

5.2.     Сургалтын илүү цагийн нэмэгдэл хөлсийг киррикюлимм, сургалтын хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөг үндэслэн  холбогдох тушаал, журмын дагуу бичиж олгоно.

5.3.     Захирлын зөвлөлийн шийдвэрээр ажилтан, суралцагсдын сурлага, ажил хөдөлмөрийн үр дүн, эрүүл мэндийн байдал, ахуй амьдралд гарсан онцгой тохиолдолд шагнах урамшуулах, дэмжих, туслах, тэтгэх, мөн гарсан зөрчил дутагдлыг хэлэлцэн шийдвэр гаргана.

5.4.     Нэг ангид суралцаж  буй  сурагчдын тоо болон багшийн хөдөлмөрийн нэмэлт ачаалал, онцгой ур чадвар зэргийг тооцож, нэг сурагчид ноогдох хувьсах зардал, цалингийн сандаа багтаан үндсэн цалингийн тодорхой хувиар /%/ нэмэх асуудлыг захирлын зөвлөлөөр хэлэлцэн шийднэ.

5.5.     Сургуулийн захирлын тушаалаар түүхэн ой, түүхт үйл явдал, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөртөө амжилт гаргасан ажилтан, Сурлага, авьяас, нийгмийн идэвх, оролцоогоор амжилт гаргасан суралцагчид, Тэтгэвэрт байгаа ахмадууд, бусад байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг дараах шагнал урамшууллаар шагнаж урамшуулж байна. Үүнд:

  • Сургуулийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулан мөнхжүүлэх
  • Оны “Хөдөлмөрийн аварга багш”
  • Оны “Манлай багш АУБ” /бага, дунд/
  • Оны “Хөдөлмөрийн аварга ажилтан”
  • “МУГБ Д.Гомбосүрэнгийн нэрэмжит шагналтан багш”
  • Оны “Тэргүүний судлаач багш”
  • Оны “Сургалтын чанар” уралдааны аварга багш
  • “Оны тэргүүний шилдэг сурагч”
  • “Оны дүүргийн болон нийслэлийн тэргүүний сурагч”
  • Бусад … / байгууллага, хувь хүмүүсийн шагналууд/

5.6.     Оны “Хөдөлмөрийн аварга багш”, Оны “Анги удирдсан Манлай багш”, Оны “Тэргүүний судлаач багш”, “МУГБ Д.Гомбосүрэнгийн нэрэмжит шагналтан багш”,  Оны “Хөдөлмөрийн аварга ажилтан”, “Оны сургуулийн болон дүүрэг, нийслэлийн тэргүүний сурагч”-дыг холбогдох журмын дагуу шалгаруулж, хүндэт самбарт зургийг байрлуулна.

5.7.     “Хүндэт дэвтэр”-т тус сургуулийн түүхэн хөгжилд жинтэй үүрэг гүйцэтгэж, нэр хүндийг өргөхөд онцлох хувь нэмэр оруулсан, мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, гаргасан амжилт, хийсэн бүтээл, үзүүлсэн тусламж дэмжлэг зэргээрээ бусдаас ялгарсан тухайн цаг хугацаандаа нийгэм, хамт олондоо хүндлэгдэн үнэлэгдсэн удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагсад, ажилтан ажилчид, эцэг эх, төгсөгчид, дотоод гадаадын иргэд, төр олон нийтийн байгууллагын тухай сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцэн тодруулж, захирлын тушаалаар баталгаажуулан, түүхэн тэмдэглэлт цаг үеийг тохиолдуулан бичнэ.

5.8.     БСШУЯ-ны болон төр засгийн шагналд хамт олны саналыг үндэслэн сургуулийн захиргаа тодорхойлон дэвшүүлнэ.

5.9.     Тэмдэглэлт баярыг тохиолдуулан бусад байгууллагын шагналд ажлын үзүүлэлтийг үндэслэн  захирлын зөвлөл тодорхойлон дэвшүүлнэ.

5.10.   ҮЭХ болон бусад байгууллагаас /хувь хүмүүс/ дотоод журмынхаа дагуу шагнал, урамшил өгөхийг дэмжинэ.

5.11.   Багш, ажилтныг хавар, намрын улиралд болон ээлжийн амралт, сурагчдын амралтын үед аяллаар явуулах, зохион байгуулалттайгаар амруулах, сургалт семинарт суралцуулах зэрэг асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.12.   Тус сургуулийн багш ажилтны төрсөн аав ээж, эхнэр нөхөр, үр хүүхэд нь нас барвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /148000 төгрөг/ -г 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тэтгэмжийг сургуулиас олгох ба хамт олон, хувь хүмүүс өөрсдөө дэмжлэг үзүүлж болно.

5.13.   “МУ-ын Боловсролын тухай хууль”-ийн 43 – 1 – 4-д заасны дагуу тэтгэвэрт гарч буй багшид 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 1 удаа сургуулиас олгоно.

5.14.   Ажилтан мэргэжил, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх, хөгжихөд сургууль өөрийн боломж, нөөцөө ашиглан дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • Цагийн зохицуулалт хийж өгөх
  • Цалинтай буюу цалингүй чөлөө олгох
  • Ажлын байрыг хадгалах
  • Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Бусад …

 

 

 

ЗУРГАА: СУРГУУЛИЙН ТАМГА, ТЭМДЭГ, БЭЛГЭДЭЛ, ХҮНДЭТГЭЛ

 

6.1.     Сургууль нь тамга, тэмдэг, туг, эмблем /лого/, үнэмлэх, өөрийн нэр бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

6.2.     Сургуульд дараах тамга, тэмдгийг хэрэглэнэ. Үүнд:

  • Тамга – сургуулийн захирал
  • Тэмдэг – сургалтын менежер
  • Тэмдэг – нийгмийн ажилтан
  • Тэмдэг – ССШТ-ийн эрхлэгч
  • Тэмдэг – сургуулийн санхүү
  • Тэмдэг – номын санч

6.3.     Сургуулийн тугийг  сургуулийн өмнө, хүндэтгэлийн танхимд тус тус  байрлуулах ба сургуулийн их ой, хүндэтгэлийн томоохон үйл явдлыг  тохиолдуулан  журмын дагуу хэрэглэнэ.

6.4.     Сургуулийн хүндэтгэлийн буланд байрлуулах цом болон бусад дурсгалын зүйлийг сургуулийн түүхэн хөгжилд оруулсан хувь нэмэр, үүрэг, онцлогийг үндэслэн сургуулийн захиргаа тодорхойлж байрлуулна.

6.5.     Сургуулийн тамга, тэмдгийг хууль, журмын дагуу хэрэглэнэ.

6.5.1.     Сургуулийн захирлын тамга – Холбогдох хуулийн дагуу захирал хэрэглэж хадгална.

6.5.2.     Сургалтын менежерийн тэмдэг – Сургалт хүмүүжил, соёлын албан ёсны ажил, баримт бичгийг баталгаажуулах зорилгоор сургалтын менежерүүд хэрэглэж, хадгална.

6.5.3.     Нийгмийн ажилтны тэмдэг – Нийгэм, соёл, хүмүүжил, төлөвшлийн албан ёсны ажил, баримт бичгийг баталгаажуулах зорилгоор нийгмийн ажилтан  хэрэглэж, хадгална.

6.5.4.     ССШТ-ийн тэмдэг – ССШТ-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны  журмын дагуу төвийн эрхлэгч хэрэглэж хадгална.

6.5.5.     Санхүүгийн тэмдэг – Санхүүгийн үйл ажиллагааны  журмын дагуу нягтлан бодогч хэрэглэж хадгална.

6.5.6.     Номын санчийн тэмдэг – Номын санч хэрэглэж хадгална.

6.6.     Сургуулийн тамга, тэмдэг, бэлгэ тэмдэг /эмблем/, тугийг зүй бусаар ашиглах, эзэмших, хадгалах, бусдад дамжуулан хэрэглүүлэхийг  хориглоно.

6.7.     Сургуулийн тамга, тэмдэг, туг, бэлгэ тэмдэг /эмблем/-ийг хууль бусаар эзэмшсэн, хадгалсан, ашигласан нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

 

ДОЛОО: АЖИЛД АВАХ, ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЧӨЛӨӨЛӨХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ

 

7.1.     Тус сургуульд ажиллах ажилтныг лаборатори сургуульд тавигдах шаардлагыг үндэслэн боловсролын түвшин, мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөрвөн ажиллах чадвар, ажлын туршлага, харилцааны соёл, биеийн эрүүл мэнд зэрэг үзүүлэлтийг харгалзан холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж авна.

7.2.     Багшид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд 3 хүртэлх хоногийн чөлөөг сургалтын менежер, түүнээс дээш 3 сар хүртэлх хугацааны чөлөөг захирал, 3 сараас дээш хугацааны чөлөөг захирлын зөвлөл олгоно. Бусад ажилтанд олгох чөлөөг захирал шийдвэрлэнэ. Чөлөө нь зөвхөн цалингүй байна.

7.3.     Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд тухайн хүний ажлын цагийг тасалснаар тооцно.

7.4.     Ажлын чанар, үр дүн хангалтгүй, цагийн гүйцэтгэл нь дутуу, ажлын байрны үндсэн үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй байгааг холбогдох албан тушаалтан тодорхой баримтаар тогтоосон тохиолдолд тухайн ажилтанд хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээ, дотоод журам, дүрэмд  заасан үндэслэлийн дагуу хариуцлага тооцно.

7.5.     Ажилтан, ажилчдын ажил, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ёс суртахуун, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн биелэлт, хүлээсэн хариуцлага зэрэг хөдөлмөрийн харилцааг үнэлэхдээ “МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль”, хөдөлмөрийн гэрээний заалт, багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дүрэм, багш ,ажилтны дагаж мөрдөх журам болон бусад холбогдох хууль, тогтоол, тушаал, эрх зүйн баримтуудыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

7.6.     Сурагчдад тухайн өдрийн хичээлийн цагийн чөлөөг АУБ болон тухайн хичээлийн багш, 1 өдрөөс дээш буюу 7 хүртэлх хоногийн чөлөөг сургалтын менежер, 7 хоногоос дээш бол захирал холбогдох журмыг үндэслэн  олгоно.

7.7.     Хичээл таслах, сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулах, бусдын сурч хүмүүжихэд саад хийсэн, сахилга бат, хүмүүжил, ёс  суртахууны  зөрчил гаргасан сурагчдыг сургуулиас хасах хүртэл шат дараалсан арга хэмжээ авах асуудлыг  эрх зүйн дагуу шийдвэрлэнэ.

7.8.     Төгсөх ангиас бусад ангийн сургалтын  стандартын шаардлага хангаагүй сурагчдыг  анги улируулан  сургах, эсвэл нөхөн гүйцээх нэмэлт сургалтанд хамруулах, шилжүүлэх зэрэг асуудлыг холбогдох журмыг үндэслэн ажлын хэсгийн саналыг үндэслэн  шийдвэрлэнэ.

7.9.     Сургуулийн дотор улс төрийн нам, эвсэл, холбоодын болон шашны үйл ажиллагааг  дагнан явуулах, сурагчдыг улс төр, шашны хэрэгт зохион байгуулалттайгаар албадан оролцуулах, уриалах зэргийг хориглоно.

7.10.   Сургуулийн үйл ажиллагаанд хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж авах, төрийн мэдлийн өмч, газрыг орлого олохоор ашиглахыг хориглоно.

 

НАЙМ: САНХҮҮЖИЛТ, ЭД ХӨРӨНГӨ

 

8.1.     Төсөв нь “МУ-ын Боловсролын тухай хууль”-ийн 39 – 2,  40 – 4 – 1,2 заалтын дагуу бүрдэнэ.

8.2.     Тухайн санхүүгийн жилийн төсвийг холбогдох хууль, тогтоолын дагуу зөв зарцуулж, зарцуулалтаас хэмнэсэн хэмнэлтийг сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын материаллаг нөхцөлийг сайжруулах, идэвх зүтгэлтэй ажилласан ажилтныг шагнах, урамшуулах зэрэгт зарцуулна.

8.3.     Санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, нийт ажилтны нийгмийн баталгааг дээшлүүлэх, суралцагчийг дэмжих зорилгоор хууль, тогтоомжинд нийцүүлэн хандив, дэмжлэг тусламж авахаас гадна, аж ахуйн болон төлбөртэй сургалт, ажил үйлчилгээ явуулж сургууль дэмжих санд хуримтлал төвлөрүүлэн дүрэм, журамд заасан зориулалтын дагуу зарцуулах үндсэн эрхийг захирал эдэлнэ.

8.4.     Сургуулийн барилга байгууламж, анги танхимын засвар хийх, сургалтын материаллаг орчинг сайжруулах зорилгоор эцэг эх, асран хамгаалагчаас санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх эсэх асуудлыг эцэг эхийн хурал болон багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн захирлын зөвлөл шийдвэрлэнэ.

8.5.     Анги, танхимд их засвар хийхдээ барилгын үндсэн архитектурын дагуу засвар хийх ажлын зураг, дизайн, төсвийг сургуулийн захиргаанд урьдчилан танилцуулж, мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвшөөрөл авч шийдвэрлэнэ.

8.6.     Сургуулийн үндсэн хөрөнгө ба анги танхимын эд материалын тооллогыг санхүүгийн жил бүрийн эцэст, мөн цаг үеийн хэрэгцээ шаардлагатай үед явуулах бөгөөд тооллого, үнэлэлт өгөх ажлыг сургуулийн захиргаанаас томилсон ажлын хэсэг гүйцэтгэн, тайлан, дүн мэдээг хамт олны хурлаар хэлэлцэж байна.

8.7.     Эд хөрөнгө ашиглалт, хамгаалалт ба санхүүгийн ямарваа нэгэн зөрчлийг хууль журманд заасан заалтын дагуу даруй шийдвэрлэж байна.

8.8.     Сургуулийн барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, анги танхим, коридор, ариун цэврийн өрөө нь багш, ажилтан, ажилчид суралцалчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

8.9.     Сургуулийн барилга, байгууламжийг зориулалтын дагуу ашиглах ба зориулалт бусаар түрээслэх, хөлслүүлэх, /айл суулгах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах/ зэргийг хориглоно.

 

ЕС:СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРМЫГ БАТЛАХ, ӨӨРЧЛӨХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 

9.1.     Сургуулийн дотоод журмыг нийт хамт олны хурлаар хэлэлцэн, олонхийн саналаар батална.

9.2.     Сургуулийн дотоод журмыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн захиргаа, багш ажилтан, ажилчид, сурагчдын саналыг үндэслэн хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.